Olloo.mn - Єдєр бvр дэлхий даяар

Бэлчээрийн малын мax амт үнэр сайтай, хадгалалтад тэсвэртэй байдаг
Date: Saturday, December 08, 2012 @ 11:43:53 EST
Topic:


Малын мах нь хүний организмын өдөр тутмын хэрэгцээнд зайлшгүй шаардлагатай төгс уураг, үл орлогдох аминхүчил, ус ба тосонд уусдаг

аминдэмүүд, макро, микро эрдэс бодисоор баялаг, хүнсний үнэт бүтээгдэхүүн. Малын маханд агуулагдах биологийн идэвхит нэгдлүүд, хүний организмд хуримтлагдсантай адил төстэй хэлбэрээр оршдог тул хүнсний бусад бүтээгдэхүүнтэй харьцуулахад шингэц нь олон дахин илүү байдаг байна. Гэхдээ аж үйлдвэржсэн улс орнууд хүн амынхаа мах, махан бүтээгдэхүүний хэрэгцээг хангахын тулд мал аж ахуйг эрчимжсэн аргаар эрхэлж, илчлэг өндөртэй тэжээл, бордоо, өсөлтийг түргэтгэх химийн бодис, эм, даавар өндөр хэрэглэдэг болсон. Ийм нөхцөлд ашиг шим нь бүрэлдсэн малын мах, сүүг байгалийн бүтээгдэхүүн гэж үзэх боломжгүй. Харин Монголын таван хошуу мал нь жилийн дөрвөн улиралд бэлчээрлэн явж, олон төрөл зүйл ургамлаас өөрт хэрэгцээтэйг зөнгөөрөө олж иддэг тул мах нь жинхэнэ байгалийн бүтээгдэхүүн мөн. Төрөлх жамаараа бүрэлдэж бий болдог тул бэлчээрийн малын мах тод өнгөтэй, амт үнэр сайтай, шүүслэг, хадгалалтад тэсвэртэй байдаг. Түүнчлэн эссенциал эрдэс бодисыг харьцангуй ихээр агуулах бөгөөд ялангуяа кали, фосфор, төмөр, зэс, цайрын баялаг эх булаг юм. Бэлчээрийн малыг зориулалтын тэжээл, бордоогоор тэжээдэггүй, ашиг шимийг хиймлээр бүрдүүлэх химийн бодис хэрэглэдэггүй, мөн манай орны байгаль харьцангуй цэвэр учраас махны аюулгүйн үзүүлэлт болох пестицид, хүнд металл, цацраг идэвхт бодис байхгүй, эсвэл илэрсэн хэмжээ нь хүлцэх дээд хэмжээнээс олон дахин доогуур байдаг аж. Бэлчээрийн малын махны хүнс тэжээлийн болон биологийн ач холбогдлыг илэрхийлэх өөр нэг үзүүлэлт нь түүний өөхлөг эдийн липидийн бүтэц, найрлага болдог байна. Өөхлөг эд, тос /липид/-ны тоо хэмжээ, найрлага махны чанар, амт үнэр, хадгалалтын хугацаа, цаашилбал, хүний эрүүл мэндэд чухал нөлөөтэй аж. Max, махан бүтээгдэхүүн нь хүний өдөрт авах нийт илчлэгийн 30 орчим хувийг хангадаг бөгөөд үүнээс дийлэнх нь махны өөх тосонд оногддог байна. Зарим хэрэглэгч өөх тосыг зүрх судасны өвчин, цусны даралт нэмэгдэх, судасны хана хатуурах, хэт таргалалт зэрэг эмгэгтэй холбож үздэг. Мөн өөх тосны төрөл, бүрэлдэхүүн ба зүрх- судасны өвчин, түүний дотор зүрхний шигдээс өвчний хооронд тодорхой хамааралтай болохыг тогтоосон судалгаанууд байдаг байна. Монгол мал дээд тал нь 300 орчим зүйлийн ургамлыг бэлчээрээр олж иддэг тул махны липидийн найрлага нь байгалийн төлвөөр байдаг аж. Тэжээвэр малын махны липидийн найрлагатай харьцуулахад ханасан хүчлийн агууламж өндөр тул исэлдэлтэд хялбар өртөхгүй, өнгө, амт үнэрээ удаан хугацаанд хэвийн хадгалах онцлогтой аж. Мөн бэлчээрийн өвс ургамалд агуулагдах байгалийн антиоксидант нэгдэл маханд шилжиж хуримтлагдах нь хадгалалтын хугацаа урт байх нэг үндэс болдог байна. Манай орны хүн амын дунд “барууны” өвчин эмгэг ховор тохиолддог нь чухамхүү монгол малын махны булчин эдийн тосны хүчлийн найрлага, онцлогтой холбоотой байж магадгүй гэсэн. Түүнчлэн малын өех, дотор махны хувьд ханасан тос, холестериний агууламж ихтэй учраас хэрэглээг хязгаарлах тухай хуучинсаг ойлголтыг орхих шаардлагатай гэж үзжээ. Бэлчээрийн монгол малын мах нь биохимийн найрлага, хүнс тэжээлийн төгс чанараараа бусад оронд үржүүлдэг сайн үүлдрийн малын махтай адил бөгөөд биологийн үнэт чанарын зарим үзүүлэлт, тухайлбал, усанд уусдаг аминдэм, бичил элементээр баялаг, хүнд болон хортой элементээр бохирдоогүй, эрүүл ахуй, аюулгүй талаасаа байгалийн, цэвэр бүтээгдэхүүн гэж үзэх үндэстэй юм байна. Б.АЗ

/pic/images/2012/12/08/belchermal100.jpg



This article comes from Olloo.mn - Єдєр бvр дэлхий даяар


The URL for this story is:
/modules.php?name=News&file=article&sid=1217144